Tuesday, September 6, 2011

Гүйлт ямар үр ашигтай вэ?

Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг. 
Юуны өмнө эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлт ба гүйлтийн спорт хоёрын ялгаа мэдэж авах хэрэгтэй. Спортоор хичээллэхэд хүн өөрийн бие махбодийн хүрч чадах дээд амжилтанд ямар ч үнээр хамаагүй хүрэх зорилготой болохоор заавал цоо эрүүл байх албагүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь амжилтанд хүрэхэд саад болохгүй хэмжээнд байхад  хангалттай гэж үздэг. Харин чийрэгжүүлэх гүйлт нь юуны өмнө бие махбодь, сэтгэл санааг хэвийн ажиллагаатай, эрүүл саруул байлгах зорилготой болохоор заавал дээд амжилт тогтоох албагүй, тогтоосон ч эрүүл мэнд, сэтгэл санаанд хор болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг.   

Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тухай сонсоогүй хүн бараг үгүй биз. Эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр зүрхний агшиж, тэлэх үйл ажиллагаа хүчтэй болж,  тархи, бөөр гэх мэтийн бусад эрхтэний жижиг судаснуудад ирэх цусны хэмжээ нэмэгддэг. Мөн чийрэгжүүлэх гүйлтээр тууштай, удаан хугацаагаар хичээллэх үед зүрхний жин нэмэгдэхтэй зэрэгцэн, зүрхний булчинг хүчил төрөгч, тэжээлийн бодисоор хангаж байдаг хялгасан судаснуудынх нь тоо нэмэгддэг нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. 
Гүйлтийн ачааллыг зохистойгоор тохируулан усаар чийрэгжих хөтөлбөртэй хавсруулах нь мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэг хэт их ачааллаас үүдэлтэй эмгэгийг арилгах шилдэг эмийн бус эмчилгээ болдог. Ялангуяа ажил тарсны дараа гүйх нь өдрийн турш хуримтлагдсан таагүй бодол, сөрөг сэтгэл хөдлөлийн үр нөлөөг арилгаж, хуримтлагдсан бухимдлыг тайлснаар сэтгэл санааны дарамтаас гарах боломж олгодог. 
Гүйлтийн үед эндорфин буюу таашаалын дааваар ихээр ялгардаг. Ингэснээр өлсөх, бага зэргийн өвдөлт, бухимдал зэрэг нь арилж сэтгэл санаа дээшлэн баяр баясгалантай болдог. Иймд сэтгэл гутралын үед сэтгэцийн эмч нар гүйлтийг өргөн ашигладаг. 
Тууштай удаан хугацаагаар хичээллэхэд гүйлт нь хүний зан чанар, сэтгэл зүйн онцлогт эерэг нөлөө үзүүлдэг. Чийрэгжих гүйлтээр тогтмол хичээллэдэг хүмүүс нь өөртөө илүүтэй итгэлтэй, тайван болдог гэж сэтгэл зүйчид үздэг. Улмаар маргаантай байдалд орох нь цөөрч, стресст огт ордоггүй, орсон ч хялбар гардаг тул зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх сайн арга болж өгдөг. 
Чийрэгжих гүйлт нь төв мэдрэлийн системийг амрааж өгснөөр биеийн төдийгүй оюун ухааны ажиллах чадвар нэмэгддэг. Чийрэгжүүлэх гүйлт нь цусан дахь эритроцит, гемоглобин, лимфоцит зэргийн хэмжээг нэмэгдүүлснээр хүний дархлаа сайжирдаг. Өөрөөр хэлбэл гүйдэггүй хүнээс хавьгүй цөөн өвддөг. 
Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орсноор хорт хавдраар өвдөх эрсдэл нь эрс буурдаг. 
Чийрэгжүүлэх гүйлт нь залуужуулах нөлөө үзүүлдэг. Судалгаанаас үзвэл чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэдэг 60-69 настай хүмүүсийн ажлын чадвар нь гүйлтээр хичээллэдэггүй үе тэнгийнхэн болон суугаа ажил эрхэлдэг 40-49 настай хүмүүсийнхээс дээгүүр байдаг. Өөрөөр хэлбэл ажиллах чадвар нь өөрөөс нь 20 дүү хүмүүсийнхтэй адил, заримдаа бүр илүү байна гэсэн үг. 
Гүйлт нь өөх тосны солилцоог сайжруулснаар биеийн жинг хэвийн байлгахаад гойд сайн нөлөө үзүүлдэг.     Гүйлтийн үед элэгний эдүүд нь хүчил төрөгчийг 2-3 дахин илүү хэрэглэж эхэлдгээс гадна өрц нь элгэнд нэг ёсны иллэг хийдэг тул цөсний гадагшлалт, цөсний замын үйл ажиллагааг сайжруулна. Гүйлтээр тогтмол хичээллэснээр үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасч хөдөлгөөн багасахыг дагалдан үүсдэг үе мөчний өвчнөөс сэргийлж байдаг.

Гэхдээ энэ бүх эерэг өөрчлөлт, сайн нөлөөг өөрийн биеэр мэдрэхийн тулд өөрийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, ар гэрийн байдал, бие махбодийн бодит боломж зэрэгт тохирсон зохистой ачаалалтайгаар гүйх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Танд хэрэгтэй зөвлөгөө